2026-01-01

монгол хэл

Монгол хэл

2021-10-17 07:53:59

КРИТИКАЛ/ШҮҮМЖЛЭЛТ СЭТГЭЛГЭЭГ ТА СУРСНААР...

Бодоё КРИТИКАЛ/ШҮҮМЖЛЭЛТ СЭТГЭЛГЭЭГ ТА СУРСНААР...

Дэлхийн дулаарал, эдийн засгийн хямрал, өлсгөлөн, дайн, терроризм, ажилгүйдэл, ядуурал, хотын утаа, утаагүй зуух, авилгал, зүүн эргэнэ, зүүн эргэхгүй, мөн, биш, тийм, үгүй... 

Одоогийн нийгэмд хүмүүс тоо тоймшгүй олон мэдээлэл дунд төөрч будлиж явна. Бидний яг одоогоор мэдэж байгаа зүйл бол үнэндээ „Бид энд байна“ гэдгээ л мэдэж байна.  Гэвч үүнээс цааш яах вэ? 

 

 

Энэхүү асуултад хариулахад Критикал буюу Шүүмжлэлт сэтгэлгээ танд тус болно.

Хэрвээ та нийгмийн энэхүү ороо бусгаа цаг үед газрын зураггүй, гарах гарцгүй байдалд орсон мэт мухардсан мэдрэмжтэй яваа бол энэхүү хэцүү байдлаас гарах найдвартай гарц нь бид өөрсдийн сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвартаа итгэж, ургашлах замаа мэдрэн цааш алхахад суралцах юм. 

 

Бид зөвхөн хямралд хүргэж болох таамаглал, бодол санаа, үнэт зүйлсийн талаар шүүмжлэлтэйгээр бодохоос гадна бэрхшээлийг даван туулахад суралцаж бүтээлчээр сэтгэх хэрэгтэй. Тиймээс шүүмжлэлт сэтгэлгээний суурь боловсролыг сайн эзэмших нь загвар хөөсөн хэлбэрдэлт эсвэл зөвхөн сонголт, хувилбарын нэг төдий биш, харин ч бүр бидний амьдралын зайлшгүй амин чухал хэрэгцээ, амьд үлдэх цорын ганц арга зам гэж хэлж болно.

 

Орчин үед асуудлыг тодорхой ойлгомжтой, чадварлагаар бие даан болон хамтдаа шийдвэрлэж чадах хүмүүс илүү хэрэгцээтэй болж байна. Урд өмнөхөөсөө илүү бид хамтдаа асуудлыг шийдэж, зөрчилдөөнөө даван туулахын тулд критикал сэтгэлгээний стандарт буюу яг л шүүгч шийддэг шигээр тодорхой бодож сэтгэж сурах ёстой болсон.

Харамсалтай нь бидэнд хичээл дээр хэрхэн бодохыг зааж өгдөггүй. Тиймээс ч бид баримт фактыг үзэл бодлоос ялгаж, үнэлэлт дүгнэлтийг таамаглалаас салгаж, учир шалтгаан, үндэслэл, тайлбар зэргийн хоорондын логикийг анализ хийж сураагүй байдаг. Гэтэл бидний амьдралд өдөр бүр тохиолддог энгийн шийдвэр гаргах бүртээ бид эргэцүүлэн бодож, эгзэгтэй мөчид ч зөв шийдвэр гаргах сорилттой тулгардаг. 

 

Энэхүү вэбсайтын зорилго нь таны шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэхэд туслаж, таны сэтгэн бодох чадварыг тань нэмэгдүүлэхэд нэгэн гарц болно хэмээн найдаж байна. Критикал бодох үйл явц нь насан туршийн суралцах процесс байдаг хэдий ч хэрвээ та сайн дадал зуршлыг өөртөө хэвшүүлж чадвал энэхүү чадварыг эзэмшихэд бас тийм ч хэцүү биш юм.