2026-01-01

монгол хэл

Монгол хэл

2020-11-16 16:04:04

ШҮҮМЖЛЭЛТ / КРИТИКАЛ СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Бодоё ШҮҮМЖЛЭЛТ / КРИТИКАЛ СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

ШҮҮМЖЛЭЛТ / КРИТИКАЛ СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

 

Шүүмжлэлт сэтгэлгээ бол хандлага биш, харин нэн чухал мөн чанар байж болох юм. Яагаад гээч? 

 

 

ШҮҮМЖЛЭЛТ СЭТГЭЛГЭЭ ГЭЖ ЮУ ВЭ?

Англи хэлний Сritical thinking гэх үг Монгол хэлэнд буухдаа шүүмжлэлт сэтгэлгээ хэмээн орчуулагддаг. Гэвч энэ нь явцуу орчуулга юм.  Учир нь, Критикал гэх энэхүү үг нь Англо Саксон хэлний skeri буюу огтлох таслах, салгах, шигших ба эртний Грекийн kriterion буюу шүүх, стандарт гэсэн үгнүүдээс гаралтай бөгөөд стандартын дагуу задлан шинжлэх гэсэн утгыг агуулдаг. Тиймээс цаашид монгол орчуулгыг ашиглалгүйгээр Критикал сэтгэлгээ хэмээн бичихээр шийдлээ. 

Критикал сэтгэлгээ нь 2500 гаруй жилийн өмнө Сократаас гаралтай урт түүхтэй ба одоо ч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэг ч тогтсон тодорхойлолт үгүй билээ. Гэвч бүх л эрдэмтэн судлаачид нэгэн зүйл дээр санал нэгддэг нь критикал сэтгэлгээ нь стандартад тулгуурлан ойлгох чадвар ба сэтгэхдээ тодорхой стандарт ашиглах юм. Тэгвэл критикал сэтгэлгээнд ашиглагддаг тэрхүү стандартууд нь юу вэ? Тэдгээр нь олон жилийн туршид эрдэмтэд мэргэдийн ашиглаж ирсэн стандартууд юм. Үүнд: тодорхой байх, нарийвчлалтай байх, тогтвортой байх, үнэн зөв байх,  сэдэвтэй холбоотой байдал, найдвартай байдал, бүрэн бүтэн байх, шударга байх зэрэг багтана.

Бид гаднаас авч буй мэдээллээ эдгээр стандартуудаараа шүүж сурах, үр дүнд нь уг мэдээлэлд итгэх, улмаар үйлдэл хийх эсэхээ шийдэхэд туслахад критикал сэтгэлгээний утга оршдог. 

Бусдын хэлсэн бичсэнийг шууд тусган авахаас зайлсхийж, өөрийнхөө төлөө өөрөө сэтгэж сурахад энэхүү чадвар танд туслах юм.

Критикал сэтгэлгээг амьдралдаа хэрэглэж сурснаар аливааг бодитоор үнэлж дүгнэх, дүн шинжилгээ хийх, үнэн худлыг “хараад л мэддэг” болдог байна. АНУ болон барууны орнуудад критикал сэтгэлгээг дунд сургууль болон их сургуульд зааж сургадаг ба ингэхдээ практик дээр ашиглуулж сургадаг. Учир нь критикал сэтгэлгээнд шууд ном уншсанаар сурч болдоггүй ба зөвхөн өөрийн хүч чармайлтаар идэвхтэй сурч, сурснаа амьдралдаа хэрэгжүүлж байж  суралцдаг.

Магадгүй, түүнийг эхлээд юу гэдгийг тодорхойлох нь чухал ч харин энэ чадварыг эзэмших нь юу юунаас илүү чухал юм. Тиймээс энэ чадварыг эзэмшин, өөрийнхөө төлөө өөрөө бодож сэтгэхэд суралцахад хичээгээрэй!